УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд: Алтай нутгаа хөгжлийн шинэ шатанд гаргана


Манай сэтгүүлч анхны томилолтоо өвөртлөн Улаанбаатар хотыг зорьж Төрийн ордонд УИХ-ын эрхэм гишүүн Ш. Раднаасэдтэй уулзаж ярилцсан юм.
-    Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Та ойрд нутгаараа оров уу? Ямар үйлийн төлөө аяны замд гарч, Алтай тийшээ зорьсон бэ?
-    За Алтай нутгийн зон олондоо хаврын сайхан өдрийн мэндийг дэвшүүлье! Миний
хувьд цагаан сарын дараа нутгаа зорьсон. Тайшир сум, Эрдэнэ сумаар орж бүтээн байгуулалтын ажил явцтай танилцаж цэцэрлэг соёлын байгууллагуудын нээлтэнд оролцсон. Ард олныхоо санал бодлыг зав гарган сонсож явлаа. Одоо удахгүй ирэх долоо хоногийн эхэнд Алтайгаа зорино. Бүтээн байгуулалтын ажлууд харьцангуй өмнөх жилүүдээс нэмэгдсэн, их хийгдэж байгаа. 70 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, байшин барилга сум болгонд баригдаж байна. Зарим нь эхэлж байхад зарим нь дуусаж байх жишээний. Аймгийн төв дээр энэ сарын 29-нөөс нэг томоохон бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Ирэх болгонд аймгийн маань иргэдийн маш их ярьдаг, санал тавьдаг, хүсэн хүлээдэг тулгамдсан асуудлын нэг бол цэвэр усны асуудал. Энэ бол Алтайчуудын жар далан жил хүсэн хүлээсэн зүйл юм. Маш том хүлээлт. Завхан голоос 53 км цэвэр ус татах шугам, дөрвөн өргөх насос, хоёр мянган тонн ус цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Мөн аймаг дээр 120 айлын орон сууц баригдаад ашиглалтанд ороход бэлэн боллоо. 960 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтанд ороод хичээл нь эхэлчихсэн явж байна. Түүнээс гадна энэ жил аймгийн төв дээр 420 хүүхдийн цэцэрлэг баригдана. Усан бассейний ажил шинээр эхэлнэ, номын сан баригдаж байгаа, музейн барилга шинээр эхэлнэ. Соёл боловсролд хандсан ажлууд нэлээн түлхүү хийгдэнэ. Бүх сумуудад нэгээс хоёр муудсан барилгыг шинэчлэх ажлууд графикийн дагуу явагдаж байна. Эдгээр ажлуудын талаарх бүх гацаа саадыг арилгасан, төрөөс дэмжих зүйлүүдийг нь дэмжээд явж байгаа. Гэх мэт ийм томоохон ажлуудын талаар газар дээр нь очих уулзах зорилгоор ирэх долоо хоногт нутгаа зорино доо. Жилдээ 36 удаа өөрөөр хэлбэл сард 2-3 удаа ажлын биелэлтийн талаар нутгаараа орж гарч ажлын биелэлтийн талаар харилцан санал солилцоод буцдаг. Сонгогч олон түмний итгэлийг хүлээж, Алтай нутгийн хөгжил дэвшлийн төлөө зүтгэнэ гэж гарч ирсэн л юм чинь итгэлийг зүтгэлээр хариулах нь миний үүрэг. Маш их хичээж шаргуу ажиллаж байна. Үүнийг Алтайчууд маань мэдэж мэдэрч байгаа байх аа!
-    Алслагдсан аймгуудын хувьд нэг томоохон бэрхшээл нь дэд бүтэц. Энэ талаар таны хийж хэрэгжүүлж байгаа ажлын биелэлт хэдэн хувьтай явж байна вэ?
-    Замын ажил бол мэдээж Баянхонгор Говь Алтайг холбосон 250 км замын тухайд
яригдана. Үүнээс одоо 125 км замын ажил хийгдээд ашиглалтанд орчихсон явж байна. Ажлын тавин хувь гэсэн үг. Одоо 126 км замын ажил үлдсэнийг ид ажлын гүйцэтгэл нь явагдаж байгаа. Ажлын явц өнгөрсөн онд тодорхой бэрхшээлтэй тулгарсан, гүйцэтгэгч компани нь үнэхээр хангалтгүй ажилласан. Үүнээс болоод гэрээгээ цуцлахаас аргагүй болсон ба цаг алдахгүйн үүднээс нэн даруй сонгон шалгаруулалт явуулж өөр компанид уг ажлыг хариуцуулсан. Одоо ажлын гүйцэтгэл нь 30%-тай хэвийн явж байна. Замын ажил өөрөө цаг агаараас ихээхэн шалтгаалдаг ийм ажил учраас хангай дэлхий маань амгалан сайхан байвал Алтайчууд маань төдий хурдан замтай болох нь гэж ойлгож болно. Энэ онд багтаад бид шинэ замтай болж хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирнэ.
Нөгөө нэг томоохон бүтээн байгуулалт бол эрчим хүчний асуудал. Томоохон боловсруулах үйлдвэр барихад цор ганц бэрхшээл нь энэ. Гэтэл одоо шаардагдаж буй эрчим хүчний доод хязгаар 28 мегаватт байдаг. Одоо манай аймгийн дээд хүчин чадал нь 26 мв шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд Завханаас 110 мв хүчин чадалтай шинэ шугам татаж байгаа. Энэ бол үйлдвэр барихад хангалттай хэмжээний хүчин чадал. Эрчим хүч болоод замын асуудал энэ ондоо ингээд шийдэгдчихнэ гэж ойлгож болно. Аа бас дулааны асуудал гэж нэг хүндрэлтэй зүйл байна. Өнөөдөр Алтайчууд нэг хүнээс монополь хамааралтай, тэгээд дулаан биш бүр хүйтэн өвөлждөг. Нэмээд байшин барилга барих гэхээр дулаан хангамжийн асуудлаас болоод гацчихсан. Тийм учраас дулааны эрчим хүчний асуудлыг яаралтай шийдэхгүй бол тулгамдсан асуудал болчихсон.  Эрчим хүчний яаманд уг асуудал ороод 8 сард шийдэгдэхээр тусгагдсан байгаа. Нэг үгээр хэлбэл 8 сард дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлэх нь ээ гэсэн үг. Ингээд дулаан, цахилгаан, замын асуудлыг шийдчихвэл манай аймаг бусад орон нутгаас дутах юм алга. Амьдарч оршин сууж, тэндээ хийе бүтээе гэсэн хүн бүхэнд боломжууд нээгдэж байна. Бизнесийн орчин таатай болж бизнес эрхлэгчид нэн аятай нөхцлөөр асуудлууд шийдэгдэж байна. Алслагдсан аймгууд тухайлбал Говь Алтай аймагт бизнес эрхлэгч нь 1%-ийн татвар төлөх хуулийн орчинг бүрдүүллээ. Энэ нь 9%-ийн татвараас чөлөөлөгдөж байна гэсэн бодит утгатай юм аа. Дэд бүтцээ, бизнесийн орчингоо сайжруулаад ирэхээр Алтай нутаг маань аяндаа хөгжлийн өөр түвшинд гараад ирнэ.
-    Та УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны даргын хувьд гарч буй хуулиудын
“шүүс”-ийг хэр шавхаж байна вэ? Таны санаачилсан томоохон хууль гэвэл?
-    За Их хурал өөрөө хууль тогтоох байгууллага учраас хуулийн аливаа хийдэл гаргах эрхгүй юм. Гарч буй хуулиуд бол ард түмний сайн сайхан амар амгалан амьдралын төлөө батлагддаг. Нийгэмд тулгамдсан асуудлыг угаасаа хуулиас гадуур зохицуулах боломжгүй юм. Тэгэхээр нийгэм болоод төрийн аливаа зохицуулалтын төлөө хууль муу гарах учиргүй. Санаачлан боловсруулсан хуулиас гэвэл одоо гурав дахь хуулиа сая батлууллаа. Ард түмэн тендэрийн хууль гэж ярьдаг даа. Худалдан авах ажиллагааны тухай хууль байна. Энэ хуулиар 189 төрлийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодоосоо авахаар зохицуулалт хийлээ. Цаашлаад энэ хуулийн зохицуулалт нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд томоохон түлхэц болсон хууль болох юм.
-    Алтай ньюс.мн сайтын уншигчиддаа болон Алтайчууддаа та мэндчилгээ дэвшүүлнэ үү!
-    За өндөр хөх Алтайн өрөвч цайлган ард түмэндээ аз жаргал эрүүл энхийг хүсье!
Өөдрөг бодолтой, өөдөө заяатай Алтай нутгийн та бүхэн минь эвтэй найртай элэгсэг дотно хамтдаа өсөн дэвжиж яваарай! Одоо төрийн албанд Алтай сайхан нутгаар минь овоглосон олон сайхан залуус амжилттай ажиллаж явна. Бид хамтдаа нутгийн нэрийг сайнаар дуурсгаж нам эвсэл танил тал гэж туйлшрахгүй аваас хөгжлийг нутагтаа амархан авчирна шүү гэж хэлмээр байна. Оюунлаг Алтайчууд бид ямагт оргил өндөрт нутгаа дуурсгахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье!
-    Зав гаргаж ярилцсан танд баярлалаа.  


 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ